12-р сарын 1 - Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-н асуудалд анхаарал хандуулах өдөр

12-р сарын 1 - Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-н асуудалд анхаарал хандуулах өдөр байдаг билээ. Тус өдрийг тохиолдуулан 2018.12.03-ны амбулаториор үйлчлүүлж байсан иргэдэд мэдээллийн хуудас, гарын авлага тараан мэдээлэл хүргэлээ.

ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал

2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл, ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийн дунд 9.2 хувь (ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа 2017) байгаа нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орж байгаа юм. 2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.


Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байгаа юм.


ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлоос эмэгтэйчүүд 18.4% (n=49), эрэгтэйчүүд 81% (n=216)-ийг эзэлж байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлыг орон нутгийн харьяалалаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6%, Улаанбаатар хотын харьяат 79.4% байна.

Share: