Байгууллагын танилцуулга

Тус эмнэлэг нь анх 1926 онд одоогийн улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд арьс өнгөний өвчнийг эмчлэх 50 ортой тасаг нэртэйгээр Зөвлөлт оросын эмч мэргэжилтний тусламжаар байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд 1940 оны 10 дугаар сарыг хүртэл 1 дүгээр эмнэлгийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.

     1930 онд 18 аймгийн төвийн больницуудад арьс өнгөний өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх ор ажиллуулж эхэлсэн. 1946 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 61 дүгээр тогтоолоор тэр үеийн төв эмнэлгийн дэргэд ажиллаж байсан арьс өнгөний өвчнийг эмчлэх тасгийг биеэ даасан эмнэлэг болгон 150 ортойгоор арьс өнгөний диспансертай нэгтгэж ажиллуулсан нь одоогийн Арьсны өвчин судлалын төвийн эх суурь болсон байна. Энэ үед нэгдсэн диспансер больницыг Зөвлөлтийн мэргэжилтэн эмч Т.И.Наружный зохион байгуулан удирдаж байжээ.

      1962 онд арьс өнгөний өвчтөнийг эмчлэх больницыг улсын арьс өнгөний диспансерийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан эмнэлэг болгон Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяанд шилжүүлэн ажилуулсан бөгөөд тус эмнэлэгийн ор 1964 оны 7 дугаар сараас 50 ороор нэмэгдэж,250 ортойгоор ажиллаж,энэ үеэс эхлэн арьсны халдвартай мөөгөнцөрт хамуу өвчтэй хүмүүсийг тусгаарлан хэвтүүлэн эмчлэх болж 1977 оныг хүртэл ажилуулсан байна

     1977 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 278 дугаар тогтоолоор Арьс өнгөний өвчнийг эсэргүүцэх Улсын диспансерыг Улаанбаатар хотын арьс өнгөний нэгдсэн диспансер больництой нэгтгэн Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв болгож, улсын хэмжээнд арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажлыг хариуцуулсан байна.

     1972 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 54 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяанд ажиллаж байсан эмчилгээний гоо заслын үйлчилгээний тасгийг тус эмнэлэгтэй нэгтгэж ажиллуулснаар эрүүлийг хамгаалах системд эмчилгээний гоо засал гэсэн^шинэ нэр томъёог оруулж ирэн анагаах ухааны салбарыг зэх зээлийн эдийн засагт шилжих анхны үйлчилгээ нь болсон юм.

     1994 онд Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар Арьсны өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвийн (АӨЭСНТ) өнгөний өвчтөнийг эмчлэх 50 ортой тасгийг орон тоо, багаж, тоног төхөөрөмжтэй нь хамт Халдвартын клиникийн эмнэлэгт нэгтгэж, арьсны клиникийн амбулаторийн хэсгийг стационартай нь нэгтгэн Арьсны өвчин судлалын төв болгон зохион байгуулсан байна.

  Одоо тус төв нь захиргаа, сургалт эрдэм шинжилгээний алба, стационарын 4 тасаг, Лабораторийн тасаг, Зөвлөх поликлиник , эмчилгээний гоо засал ,нөхөн сэргээх тасаг, , санхүү аж ахуй, эмийн сан, харьяа сувилал зэрэг нэгжүүдтэй ажиллаж байгаа бөгөөд их эмч 34, бага эмч 3, лаборант 7, сувилагч 30, эм зүйч 2, эм найруулагч 2, захиргааны туслах ажилчид 35 нийт 138 орон тоотойгоор улсын хэмжээнд арьс-харшил, эмчилгээний гоо заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрэлдүүлэн ажиллаж байна. 2003 оны 09 дүгээр сараас эхлэн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн албатай болж улсын хэмжээнд арьсны чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулж байна.

   2004 оны 06 дугаар сарын 15-нд Нөхөн сэргээх эмчилгээний тасгаа өргөтгөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Аварга тосон сувиллыг 50 ортойгоор нээж, улирлын чанартай эмчилгээ үйлчилгээ явуулж байна. 2004 оны 8 дугаар сарын 16-наас эхлэн Харшил судлалын лаборатори нээн ажиллуулж байна.

  Тус төвд шинжлэх ухааны доктор,профессор 1, Анагаах ухааны доктор 3, клиникийн профессор 3, анагаах ухааны магистр 4, тэргүүлэх зэрэгтэй эмч 6, ахлах зэрэгтэй эмч-5, докторант 2, бакалавр зэрэгтэй сувилагч 3, ахлах зэрэгтэй сувилагч 6 ажиллаж байна.

Share: